Tuesday, October 19, 2010

1-р курсын оюутнуудын анхааралд

Сургалтын алба 1-р курсын оюутнуудад зориулж ЕБС-ийн агуулгаар МАТЕМАТИКИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ дээшлүүлэх 1 кредитын сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хэрэв та бүхэн суралцах сонирхолтой бол ангийн даргаар дамжуулах сургалтын албанд нэрсээ ирүүлнэ үү. 25-с доош оноо авсан оюутнууд тухайн сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

Бүртгэл: 2010.10.15 - 2010.10.25
Сургалтын хугацаа: 2010.11.01 - 2010.12.01
Сургалтын төлбөр: 1 кредит

МКС Сургалтын Алба
2010.10.10

Tuesday, October 5, 2010

Шинээр Филдсийн шагнал хүртсэн математикчдын тухай

Профессор Ц.Лхамсүрэн багш маань дараах танилцуулгыг бэлдсэнийг блогтоо тавьж байнаа. Эхийг татах бол эндээс татаарай. :)

Дөрвөн жил тутамд нэг удаа Дэлхийн Математикчдын Их хурлын үеэр ОУ-ын Математикийн нийгэмлэгээс гардуулдаг, Математикийн ертөнцөд Нобелийн шагналтай дүйцэхүйц асар өндөр нэр хүндтэй Филдсийн шагналыг шинээр хүртэгсэд 2010 оны 8-р сард Энэтхэгийн Хидерабад хотноо шагналаа гардан авчээ.

Филдсийн шагналыг 40 хүртэлх насны залуу математикчдын дундаас математикийн шинжлэх ухааны хөгжилтөнд хамгийн их нөлөөлсөн бүтээлээр нь Филдсийн Шагналын ээлжилт хороо шалгаруулалт хийж олгодог журамтай юм.

Жич:
  1. Математикийн түүхэнд 300 гаруй жилийн хугацаанд шийдэгдээгүй байсан Фермагийн Алдарт Их теоремийг батласан англи гаралтай америкийн математикч Эндрю Уайлс (Andrew John Wiles) ОУ-ын Математикийн Нийгэмлэгээс мөнгөн медаль тусгай шагналыг 1998 онд 45 настайдаа хүртэж байсан юм.
  2. ОУ-ын Математикийн Нийгэмлэг 2006 онд ОХУ-ын математикч Григорий Перельманд Филдсийн шагнал олгохоор шийдвэрлэсэн үед Г.Перельман уг шагналаас татгалзаж дуулиан дэгдээж байсан хэрнээ хожим шагналаа хүлээн авсан байдаг.
Шинээр Филдсийн шагнал хүртсэн математикчдын товч танилцуулгыг толилуулъя.

Элон Линденштраус (ELon Lindenstrauss) 1970 онд Изралийн Иерусалем хотод төрсөн, гэр бүлтэй, 3 хүүхэдтэй, аав нь Израилийн нэрт математикч Йорам Линденштраус, Израилийн (Еврей) Хибрью ИС ба АНУ-ын Принстоны ИС-ийн математикч, 1991 онд Математикийн бакалавр, 1995 онд мастер, 1999 онд Ph.D зэргүүдийг хүртсэн, 2004-2010 онд Принстоны ИС-ийн профессор, 2008 оноос Хибрью ИС-ийн профессороор сонгогдож, Эргодик онол дахь хэмжээ хадгалагдах зарчим ба сонгодог тооны онол дахь түүний хэрэглээ сэдвээр хийсэн гол бүтээлээрээ Филдсийн шагнал хүртсэн Израилийн анхны математикч юм.

Нго Бао Чао (Ngo Bao CHAU) 1972.06.28-нд Въетнамын Ханой хотод төрсөн, дунд сургуулийг Въетнамдаа дүүргээд дараа нь Францын Парисын ИС, Дээд Нормаль Сургуульд тус тус суралцсан, Въетнам ба Францын давхар иргэншилтэй, Ph.D зэрэг хамгаалсаны дараа АНУ-ын Принстон, Чикаго ИС-иудад ажилласан, Алгебрлиг-геометрийн аргуудаар автоморф хэлбэрийн онол дахь Фундаменталь лемм-ийг батласан гол бүтээлээрээ Филдсийн шагнал хүртжээ.

Смирнов Станислав (S.K.Smirnow) 1970.9.03-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод төрсөн, Санкт-Петербургийн ИС-ийг 1992 онд Проф. Виктор Хавины удирдлагын дор суралцаж төгссөн, 1996 онд АНУ-ын Калифорний Технологийн Институтэд Ph.D зэрэг хамгаалсаны дараа Шведийн Стокгольм ИС, АНУ-ын Йелийн ИС, Принстоны ИС, Германы Макс Планкийн институт зэрэг байгууллагуудад ажилласан ба 2003 оноос Женевийн ИС-ийн профессороор ажиллаж байна.

С.Смирновын гол бүтээлүүд нь янз бүрийн хэмжээст загваруудын конформ инвариант чанарын судалгаа ба онолын физик дэх Изингийн загварын судалгаанд хамаардаг бөгөөд энэ чиглэлийн бүтээлүүдээрээ Филдсийн шагнал хүртсэн.

Виллани Седрик (Cedric Villani) 1973.10.05-нд Францын Брив-ла-Гайрд хотод төрсөн, 1992 онд Парисын Дээд Нормаль сургуульд, дараа нь 1998 онд Парис-Дофин ИС-д суралцаж Ph.D зэрэг хамгаалсан, 2000-2009 онд Лион дахь Дээд Нормаль сургуульд багшлаж, 2009 онд Анри Пуанкаре-ийн Институтын захирлаар томилогдсон. Судалгааны гол салбар нь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл, тухайлбал, Больцманы кинетик тэгшитгэлд хамаардаг ба мөн дифференциал геометр дэх оптималь транспортын онолд чухал нээлтүүд хийж Филдсийн шагнал хүртжээ.

Одоогоор Филдсийн шагнал хүртсэн нийт 53 математикчдыг улс гүрнээр нь тоолж гаргавал:

АНУ-12, Франц-11, ОХУ (ЗХУ)-9, Их Британи-6, Япон-3 , Бельги-2, Австрали-1, Финлянд-1, ХБНГУ-1, БНХАУ-1, Израль-1, Итали-1, Шинэ Зеланд-1, Норвеги-1, Швед-1, Въетнам-1.

Филдсийн нэрэмжит шагнал буй болгож, залуу математикчдын гарамгай амжилтыг урамшуулан олгож байх шийдвэрийг 1924 онд Канадын Торонто хотноо хуралдсан Дэлхийн Математикчдын VII их хурлаас гаргасан бөгөөд анхны шагналыг 1936 онд Норвегийн Осло хотод болсон Дэлхийн Математикчдын X их хурлын үеэр гардуулж байжээ.

Филдсийн медалийг 14-карат алтаар цутгаж, нүүрэн талд нь латин хэлээр «Transire suum pectus mindoque potin» («Өөрийгөө давж гарч Замбуулин Хорвоог эзэмдэнэ») гэсэн бичээс ба Архимедийн дүртэй, харин ар талдаа «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» (Даян дэлхийн математикчид нэг дор цугларч гарамгай бүтээлд энэхүү медалийг олгов) гэсэн бичээстэй, хажуу хүрээнд нь шагналтаны нэрийг хэвлэсэн байдаг бөгөөд медалийг дагалдуулж 15.000 канад долларын мөнгөн шагнал олгодог юм.

Филдсийн шагналаас гадна математикийн гарамгай бүтээлийн эзэнд насны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр 2002 оноос эхлэн жил тутам олгогддог Абелийн нэрэмжит шагнал өндөр нэр хүндтэй шагналд тооцогддог.

Танилцуулгыг бэлтгэсэн: Профессор Ц.Лхамсүрэн
2010.09.22

Эх сурвалж:

1. ОУМН-ийн веб сайт (http://www.mathunion.org/medalsfilds/)
2. Википедия (http://ru.wikipedia.org/)
3. Ц.Лхамсүрэн. Математикч-эрдэмтэд ба математикийн хөгжилт, УБ, 2008 он.