Tuesday, November 30, 2010

П.Энхболдын нэрэмжит Улсын ХI уралдаан болно

2 жилд 1 удаа болдог П.Энхболдын нэрэмжит Улсын ХI уралдаан 12 сарын 3-5-нд Зайсангийн 32-р сургууль дээр болно. Шагнал өндөртэй чөлөөт ангилалд хүссэн хүн бүхэн орж болно. Такс: 3000 төг.
ММОХороо
Утас 341938, 99879779

МУИС-МКС-ийн Програмчлалын олимпиад болно

МУИС-МКС-ийн Програмчлалын олимпиад 12 сарын 3-нд 10:00 цагаас 215 тоот өрөөнд болно. Тус олимпиадад мэргэжил харгалзахгүй МКС-ийн 1, 2-р курсийн оюутнууд өргөнөөр оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Програм Хангамжийн тэнхмийн багш Б.Багаболдтой холбоо барина уу. Email: Informatics.olympiad.mn@gmail.com

2010.11.30

Tuesday, November 23, 2010

Оюутны Зөвлөлийнхөнд

Манай сургуулийн Оюутны зөвлөлийн http://smcs-oz.blogspot.com/ http://mks-oz.blogspot.com/ гэсэн хоёр ч блог байдаг юм байна. Алин дээр нь ч мэдээллээ тогтмол нийтлэхгүй юм. Зохих хүнд нь админ эрхээ шилжүүлээд явбал зүгээр санагдана. Оюутны зөвлөл мэдээгээ өгч байвал энэ блогт бичих биш, шууд линкийг нь сургуулийн твиттер дээр тавиад явбал амар байна л даа. Ер нь хэн хэн нь мэдээллээ тогтмол нийтлээд явбал сургуулийн маань түүхийн нэгэн хуудас болон үлдэнэ шүү дээ. Оюутны зөвлөлийнхөн уншвал хариу бичээрэй. Мөн оюутны зөвлөл ч гэлтгүй, хэн ч гэсэн твиттерээр жиргүүлэх мэдээлэл байвал 226-д суух сургалтын инженер Өнөржаргалд авчраад өгөхөд дуртайяа жиргэж өгөх болно. Өнөөдрийн байдлаар твиттер дээрх @MUIS_MKS хаягийг 312 хүн дагаад байна, нилээд нь манай оюутнууд байгаа болов уу. Бүгдээрээ хамтран ажиллаж оюутнууддаа мэдээллээ цаг тухайд нь хүргэцгээе :)

Цахим картны нэмэлт захиалга

11-р сарын 23,24,25-ны өдрүүдэд авах тул цахим карт захиалж амжаагүй, нэн шаардлагатай хүндэтгэх шалтгаантай 1,2,3,4-р курсийн оюутнууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.
ХААНА АВАХ: МКС-ийн ОЗ-ийн өрөөнд
  • Анкетаа авахдаа оюутны үнэмлэх
  • Захиалгын үнэ 3000 төгрөг тус тус авчирна уу.
Мөн захиалсан карт нь гараагүй оюутнууд өргөдлөө бичиж өгнө үү. /сургууль, курс, утасны дугаар, регистрийн дугаараа бичнэ үү/

МКС-ийн Оюутны Зөвлөл

1,2-р ангийнхны анхааралд

11-р сарын 25-нд Монголын түүх хичээлийн 2-р явцын шалгалтыг дараах хуваариар авна.
  • ХС-2, ПХ-2, ММЗБ-2, ЭЗМЗ-2 ангиуд 303 тоотод
  • ММ-2 анги 309 тоотод
  • МС-2 анги 305 тоотод
  • ОМ-2, ХМ-2 ангиуд 302 тоотод
  • ММ1, ОМ-1, ХМ-1, ХС-1, ЭЗМЗ-1 ангиуд 310 тоотод
  • ММЗБ-1, ПХ-1, МС-1 ангиуд 231 ангид
Анхаарах зүйлс:
  • Шалгалтанд ирэхдээ балын харандаатай ирнэ. Шалгалтын хуудсыг балын харандаанаас бусад зүйлээр бөглөвөл тестийн машин уншихгүй.
  • Өөрийн ID кодоо үнэн зөв бөглөх шаарлдагатай. Буруу бөглөвөл шалгалтын дүн гарахгүй.
МКС Сургалтын Алба
2010.11.23

Tuesday, November 9, 2010

МКС-ийн Урлагийн бага наадам болно

МКС-ийн "Урлагийн бага наадам" 2010 оны 11-р сарын 21-нд болох тул оюутан та бүхэн тэнхимээрээ оролцоно уу.

Урлагийн бага наадмын номер:
  1. Мэндчилгээ
  2. Гоцлол дуу
  3. Хамтлаг дуу
  4. Бүжиг
  5. Шүлэг найраглал
  6. Хөгжим
  7. Жүжигчилсэн тоглолт
Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
МКС-ийн ОЗ

/ Энд нэмээд хэдэн үг хэлэхэд сургуулийнхаа Урлагийн бага наадамд оролцох нь дээд, доод ангийнхантайгаа танилцаж, нөхөрлөж, хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрэлдүүлж өгдөг, сайхан дурсамж үлдээдэг арга хэмжээ юм шүү. Та бүхэн энэ боломжоо алдалгүй анги, хамт олноороо хойш суулгүй идэвхтэй оролцоорой. Оюутан нас дахин олдохгүй шүү дээ.. :) /

Tuesday, October 19, 2010

1-р курсын оюутнуудын анхааралд

Сургалтын алба 1-р курсын оюутнуудад зориулж ЕБС-ийн агуулгаар МАТЕМАТИКИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ дээшлүүлэх 1 кредитын сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хэрэв та бүхэн суралцах сонирхолтой бол ангийн даргаар дамжуулах сургалтын албанд нэрсээ ирүүлнэ үү. 25-с доош оноо авсан оюутнууд тухайн сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

Бүртгэл: 2010.10.15 - 2010.10.25
Сургалтын хугацаа: 2010.11.01 - 2010.12.01
Сургалтын төлбөр: 1 кредит

МКС Сургалтын Алба
2010.10.10

Tuesday, October 5, 2010

Шинээр Филдсийн шагнал хүртсэн математикчдын тухай

Профессор Ц.Лхамсүрэн багш маань дараах танилцуулгыг бэлдсэнийг блогтоо тавьж байнаа. Эхийг татах бол эндээс татаарай. :)

Дөрвөн жил тутамд нэг удаа Дэлхийн Математикчдын Их хурлын үеэр ОУ-ын Математикийн нийгэмлэгээс гардуулдаг, Математикийн ертөнцөд Нобелийн шагналтай дүйцэхүйц асар өндөр нэр хүндтэй Филдсийн шагналыг шинээр хүртэгсэд 2010 оны 8-р сард Энэтхэгийн Хидерабад хотноо шагналаа гардан авчээ.

Филдсийн шагналыг 40 хүртэлх насны залуу математикчдын дундаас математикийн шинжлэх ухааны хөгжилтөнд хамгийн их нөлөөлсөн бүтээлээр нь Филдсийн Шагналын ээлжилт хороо шалгаруулалт хийж олгодог журамтай юм.

Жич:
  1. Математикийн түүхэнд 300 гаруй жилийн хугацаанд шийдэгдээгүй байсан Фермагийн Алдарт Их теоремийг батласан англи гаралтай америкийн математикч Эндрю Уайлс (Andrew John Wiles) ОУ-ын Математикийн Нийгэмлэгээс мөнгөн медаль тусгай шагналыг 1998 онд 45 настайдаа хүртэж байсан юм.
  2. ОУ-ын Математикийн Нийгэмлэг 2006 онд ОХУ-ын математикч Григорий Перельманд Филдсийн шагнал олгохоор шийдвэрлэсэн үед Г.Перельман уг шагналаас татгалзаж дуулиан дэгдээж байсан хэрнээ хожим шагналаа хүлээн авсан байдаг.
Шинээр Филдсийн шагнал хүртсэн математикчдын товч танилцуулгыг толилуулъя.

Элон Линденштраус (ELon Lindenstrauss) 1970 онд Изралийн Иерусалем хотод төрсөн, гэр бүлтэй, 3 хүүхэдтэй, аав нь Израилийн нэрт математикч Йорам Линденштраус, Израилийн (Еврей) Хибрью ИС ба АНУ-ын Принстоны ИС-ийн математикч, 1991 онд Математикийн бакалавр, 1995 онд мастер, 1999 онд Ph.D зэргүүдийг хүртсэн, 2004-2010 онд Принстоны ИС-ийн профессор, 2008 оноос Хибрью ИС-ийн профессороор сонгогдож, Эргодик онол дахь хэмжээ хадгалагдах зарчим ба сонгодог тооны онол дахь түүний хэрэглээ сэдвээр хийсэн гол бүтээлээрээ Филдсийн шагнал хүртсэн Израилийн анхны математикч юм.

Нго Бао Чао (Ngo Bao CHAU) 1972.06.28-нд Въетнамын Ханой хотод төрсөн, дунд сургуулийг Въетнамдаа дүүргээд дараа нь Францын Парисын ИС, Дээд Нормаль Сургуульд тус тус суралцсан, Въетнам ба Францын давхар иргэншилтэй, Ph.D зэрэг хамгаалсаны дараа АНУ-ын Принстон, Чикаго ИС-иудад ажилласан, Алгебрлиг-геометрийн аргуудаар автоморф хэлбэрийн онол дахь Фундаменталь лемм-ийг батласан гол бүтээлээрээ Филдсийн шагнал хүртжээ.

Смирнов Станислав (S.K.Smirnow) 1970.9.03-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод төрсөн, Санкт-Петербургийн ИС-ийг 1992 онд Проф. Виктор Хавины удирдлагын дор суралцаж төгссөн, 1996 онд АНУ-ын Калифорний Технологийн Институтэд Ph.D зэрэг хамгаалсаны дараа Шведийн Стокгольм ИС, АНУ-ын Йелийн ИС, Принстоны ИС, Германы Макс Планкийн институт зэрэг байгууллагуудад ажилласан ба 2003 оноос Женевийн ИС-ийн профессороор ажиллаж байна.

С.Смирновын гол бүтээлүүд нь янз бүрийн хэмжээст загваруудын конформ инвариант чанарын судалгаа ба онолын физик дэх Изингийн загварын судалгаанд хамаардаг бөгөөд энэ чиглэлийн бүтээлүүдээрээ Филдсийн шагнал хүртсэн.

Виллани Седрик (Cedric Villani) 1973.10.05-нд Францын Брив-ла-Гайрд хотод төрсөн, 1992 онд Парисын Дээд Нормаль сургуульд, дараа нь 1998 онд Парис-Дофин ИС-д суралцаж Ph.D зэрэг хамгаалсан, 2000-2009 онд Лион дахь Дээд Нормаль сургуульд багшлаж, 2009 онд Анри Пуанкаре-ийн Институтын захирлаар томилогдсон. Судалгааны гол салбар нь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл, тухайлбал, Больцманы кинетик тэгшитгэлд хамаардаг ба мөн дифференциал геометр дэх оптималь транспортын онолд чухал нээлтүүд хийж Филдсийн шагнал хүртжээ.

Одоогоор Филдсийн шагнал хүртсэн нийт 53 математикчдыг улс гүрнээр нь тоолж гаргавал:

АНУ-12, Франц-11, ОХУ (ЗХУ)-9, Их Британи-6, Япон-3 , Бельги-2, Австрали-1, Финлянд-1, ХБНГУ-1, БНХАУ-1, Израль-1, Итали-1, Шинэ Зеланд-1, Норвеги-1, Швед-1, Въетнам-1.

Филдсийн нэрэмжит шагнал буй болгож, залуу математикчдын гарамгай амжилтыг урамшуулан олгож байх шийдвэрийг 1924 онд Канадын Торонто хотноо хуралдсан Дэлхийн Математикчдын VII их хурлаас гаргасан бөгөөд анхны шагналыг 1936 онд Норвегийн Осло хотод болсон Дэлхийн Математикчдын X их хурлын үеэр гардуулж байжээ.

Филдсийн медалийг 14-карат алтаар цутгаж, нүүрэн талд нь латин хэлээр «Transire suum pectus mindoque potin» («Өөрийгөө давж гарч Замбуулин Хорвоог эзэмдэнэ») гэсэн бичээс ба Архимедийн дүртэй, харин ар талдаа «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» (Даян дэлхийн математикчид нэг дор цугларч гарамгай бүтээлд энэхүү медалийг олгов) гэсэн бичээстэй, хажуу хүрээнд нь шагналтаны нэрийг хэвлэсэн байдаг бөгөөд медалийг дагалдуулж 15.000 канад долларын мөнгөн шагнал олгодог юм.

Филдсийн шагналаас гадна математикийн гарамгай бүтээлийн эзэнд насны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр 2002 оноос эхлэн жил тутам олгогддог Абелийн нэрэмжит шагнал өндөр нэр хүндтэй шагналд тооцогддог.

Танилцуулгыг бэлтгэсэн: Профессор Ц.Лхамсүрэн
2010.09.22

Эх сурвалж:

1. ОУМН-ийн веб сайт (http://www.mathunion.org/medalsfilds/)
2. Википедия (http://ru.wikipedia.org/)
3. Ц.Лхамсүрэн. Математикч-эрдэмтэд ба математикийн хөгжилт, УБ, 2008 он.

Monday, September 27, 2010

Оюутны судалгааны ажил сонгон шалгаруулах уралдаан

БНСУ-ын "ДУНГ ИН" байгууллага, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос дараах оюутны судалгааны ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа юм байна. Эх сурвалж

Оюутнууддаа амжилт хүсье!

Зорилго: Монгол улсын их сургуульд суралцаж буй оюутнуудын хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх
Шалгаруулах оюутны тоо: Нийт 4-н оюутан
Шагналын хэмжээ: Нийт 2400$ /шалгарсан оюутан тус бүр 600$/

Уралдааны болзол шалгаруулалт
Судалгааны ажлын сэдэв:
1. Монголын хөрөнгийн зах зээл дээрх хувьцаануудын талаарх техникийн болон санхүүгийн суурь шинжилгээ
2. БНСУ-ын /Солонгос/ эдийн засгийн хөгжлийн нууц ба түүнийг Монголын эдийн засгийн хөгжилд хэрэгжүүлэх боломж
3. Мэдээллийн технологийн салбарын хөгжил Солонгосын эдийн засгийн хөгжилд үзүүлсэн үр нөлөө /Монголын мэдээлэл технологийн салбарын өнөөгийн хөгжил болон цаашдын ирээдүйтэй харьцуулсан судалгаа бол сайн/

Судалгааны ажлын хэмжээ:
А4, 10 хуудсанд багтаах, /Үсгийн фонд Arial, үсгийн өндөр 11/

Уралдаанд оролцох боломжтой сургуулиуд:
1. МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль
2. МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургууль
3. МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургууль
4. МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль
5. МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль

Бүрдүүлэх материал:
Судалгааны ажил /эхний нүүрэн дээр гарын үсэгтэй/
Сургуулийн тодорхойлолт
Уралдаанд оролцох бүртгэлийн хуудас бөглөх

Уралдаан явагдах хугацаа:
2010.09.08 - 2010.09.30
Судалгааны ажил хүлээн авах хугацаа:
2010.09.27 - 2010.09.30
Шалгаруулах хугацаа:
2010.10.08 /Баасан гараг/

Судалгааны ажлыг хүлээн авах, лавлах:
Хаяг: МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс /МУИС-ийн хичээлийн II байрны 154 тоот/
Утас: 88083200

Saturday, September 25, 2010

Блогуудаа цуглуулъя

Би бодлоо л доо. Сургуулийн үе үеийн төгсөгчид маань энэ блог дээрээ цугладаг байхад яагаад болохгүй гэж. Миний санаа бол надад блог хаягуудаа сэтгэгдлээр өгчих, тэгээд хэдэн оны ямар ангийн төгсөгч вэ гэдгээ биччих. Би энэ блогийнхоо хажуу багананд төгссөн он, ангиар нь ангилаад л блогуудыг чинь нэмээд байя, ямар санагдаж байна? Бүгдээрээ онлайн ертөнцөөр хоорондоо ч холбогдож, одоо сурч байгаа, цаашид сурах дүү нартаа мэддэг чаддагаа хэлж өгч байя. Ингээд би өөрийнхөө төгссөн ангийн листийг үүсгэлээ. Та бүхэн өөрийнхөө болон ангийнхныхаа блогийг сэтгэгдэл дээр үлдээж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна :D

Танилцуулга

Энэхүү блогийг МУИС-ийн Математик Компьютерийн Сургуулийн багш, оюутнуудад зориулан нээж байна. Ц.Өнөржаргал миний бие одоогийн байдлаар тус сургуульд Сургалтын инженерээр ажиллаж, магистрантурт сурч байгаа билээ. Ажлынхаа хажуугаар http://twitter.com/muis_mks твиттер хаягийг хөтлөн явуулдаг. Уг хаяг дээр оюутан та бүхэнд хэрэгтэй сургуультай холбоотой зар, линкүүдийг тавьдаг боловч зарим заруудыг 140 тэмдэгтэнд багтаан жиргэхэд бэрхшээлтэй байдаг болохоор блог нээгээд бичиж байя гэж бодлоо л доо. Сургуулийн самбар дээр тавигддаг мэдээллүүдийг онлайнаар шуурхай мэдээллэж байх зорилготой. Мөн бусад хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ ч энэ блог дээрээ тавьж байя гэж бодож байна. Энэхүү блогийг хамтран хөтлөх хүсэлтэй багш, оюутнуудад нээлттэй болно :).. Та бүхний ажил, сурлагад өндөр амжилтыг хүсэн ерөөе!